Эрт урьд цагт төмөр байшинтай мангас эмгэн арван хоньтой амьдардаг байжээ. Мангас эмгэн арван хонио өдөрт нь тууж гараад хариулж явдаг байв. Амьтан хүн жирийн малчин юм байж гэж бодоод л хүрээд ирэхээр нь манайд очиж цай уу. Би хониноосоо нэгийг алж өгнө гээд...
, мэхлэж төмөр байшиндаа авч ирээд төхөөрчихөөд байдаг байж. Нэг өдөр их өлсөж цангасан нэг бадарчин явж байгаад тэр мангас эмгэнтэй тааралдаж гэнэ.... Эмгэн их баярлаад манайд очиж цай унд ууж хонож өнжиж амар. Би энэ хэдэн хониноосоо нэгийг алж өгье гэхэд нь бадарчин их баярлаад л яасан сайхан зантай эгч вэ? гэж бодоод дуртай зөвшөөрч эмгэнийг дагаж явжээ. Тэр эмгэний арван хонь тарган гэдэг учиргүй. Ёстой сүүлээ дааж ядсан иргүүд байжээ. Бадарчин хэдэн хонийг нь туулцсаар гэрт нь ирсэн чинь нэг жижигхэн төмөр байшинтай юм гэнэ. Эмгэн төмөр байшингийнхаа хаалгыг онгойлгож хэдэн хонио оруулаад бадарчинг ор ор гэж гэнэ. Бадарчин орж ирсэн чинь баруун талдаа өндөр үргэлж ортой, зүүн талдаа хэдэн хонио хашдаг хашлагатай голд нь гал зуухтай юм гэнэ. Эмгэн хаалгаа дотроос нь цоожлоод гал түлж бадарчинд сайхан цай чанаж өгөөд нэг хонины гуя өгсөн учир бадарчин ч хагартлаа идэж цаджээ. Эмгэн өргөн орныхоо ар талд бадарчинд ор дэр засаж өгөөд, өөрөө бадарчингийн өмнүүр унтаж гэнэ.
Шөнө бадарчин нэг сэрсэн чинь учиргүй их гал түлчихсэн маш халуун, эмгэн зуухны аман дээр суучихсэн нэг их урт төмөр улайсгаад гарган ирж хэд цохиж давтаж байгаад буцааж гал уруу шургуулаад бадарчингийн урдуур хэвжээ. Бадарчин: Энэ мангас эмгэн байжээ. Одоо намайг энэ улайсгасан төмрөөрөө сүлбэж алаад шарж идэх гэж байгаа юм байж, гэж мэдээд унталгүй сэрүүн хэвтэж байсан чинь эмгэн хурхирч эхэлжээ. Бадарчин босч хувцаслаад гарах гэтэл хаалга нь цоожтой, эмгэн түлхүүрийг өөрөө биедээ авч явдаг учир харанхуйд яаж ч болохгүй болжээ. Ингэхээр мангас эмгэнийг алж байж түлхүүр олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мангас, эмгэнд идүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэгээд бодож байснаа тэр галд шургуулчихаад байгаа улайсгасан төмрөөр мангас эмгэний хоёр нүдийг сүлбэвэл сохор эмгэн барьж идэж чадахгүй гэж бодоод ухасхийн улайсгасан төмрийг шүүрч аван унтаж байсан мангас эмгэний хоёр нүдийг сүлбэжээ. Мангас эмгэн цочин харайж босоод, аа чи тийм сүрхий шулам байсан юм бий гэж бадарчинг үнэртэн хөөж гарчээ. Эмгэн баруун талд гарахаар нь бадарчин зүүн талд гараад, зүүн талд гараад очиход нь баруун талд нь үсэрч гараад бүтэн шөнө хөөцөлджээ. Үүр цайж гэрэл гэгээ орохоор мангас эмгэн их ядарч бадарчин ч сульдсан байж гэнэ. Тэгсэн чинь хэдэн хонь нь бэлчээрт гарах цаг болов гэсэн маягтай үүд рүү хошуурч байжээ. Эмгэн: За чамайг би хэдэн хонио гаргаж зайтай болгож байгаад барьж амьдаар нь цусыг чинь сорно доо гээд хаалгаа таглаж байж онгойлгоод, хонио ганц ганцаар нь хажуу талд нь зогсож байж нуруу гэдэс, хавиргыг нь илбээд л гаргаад байж, тарган том иргэнүүд болохоор гэдсийг нь илбэхээр дээр дээр үсрээд гадагш гарч байжээ.
Бадарчин яг хаалгаа голлон зогсож байгаад, эмгэн нэг хонины нурууг илбэчихээд гэдсэн доогуур нь гараа хийх гэтэл хонины дээгүүр нохой харайгаад орхисон чинь хонины нуруун дээр хамт хаалганы гадаа гарч гэнэ. Бадарчин унаад бостол мангас эмгэн хормойн үзүүрийг хальт самардаад хараал тавиад хоцроход нь бадарчин хэдэн тарган хонийг нь тууж аваад яваад өгчээ. Мангас эмгэн сохор учир яаж ч чадалгүй харангадаж үхэж гэнэ ээ.
No comments:
Post a Comment