- Девидийн түүх Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэж ээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа. Амжилтын түлхүүрт миний нэм - Ухаан Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. – Яагаад? гэж усчин асуухад: – Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: ” Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: – Yүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ, хэмээн өгүүлжээ. Амжилтын түлхүүрт миний нэмэр
- нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…
- Тахиа болсон бvргэд Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
- Саад Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.
Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”
Өгүүллэгийн эх нь www.shineyortonts.mn дээр байгаа . - “Шунал” сургамжит өгүүллэг
Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа. Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.
Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.
Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир “энэ нь өөхтэй, энэ нь ястай юм” гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс “найрыг” эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.
Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ. -
Заяаны хань Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.
Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.
Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.
Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.
Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ. - Цусан өшөө Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалхын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэдэхгүй нь лавтай. Учир нь тэдэнд олон удаа:
- Наашаа хүрээд ирцгээ, хэлэлцээр хийе. Та нар намайг битгий оролд, би ч бас та нарт хүрэхгүй. Цусаа хий дэмий урсгах хэрэггүй биз дээ гэж хэлж байсан. Гэвч тэд миний саналыг хүлээж авалгүй, ахин тулалдахаар ирдэг байв. Магадгүй хамгийн бяцхан үр нь хүртэл зэвсэг хэрэглэж чаддаг байхаа.
Тэднээс яаж салах вэ? Би хүч мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч хэрэв “бүгдээрээ зэрэг дайрвал яах вэ?” гэж боддог боллоо. Тэгвэл тэд биднийг шархдуулж хөнөөхөд тун хялбар болох байв. Тэд үүнийг санаагүй байлгүй дээ.
Тэр орой урьдынх шигээ хаалга цонхоо хаахаа мартсангүй. Орны доод хөндий, шүүгээнийхээ ар руу харж шалгахгүйгээр орондоо ордоггүй байв. Бусад өрөөнийхөө хаалгыг сайн хаадаггүй тул хуугээ дуудан түүнд:
- Хэрэв шөнө босч, орж гарвал хаалгануудаа онгорхой орхиж болохгүй гэж сануулдаг байлаа. Шөнө дунд ямар нэг чимээнд сэрлээ. Өрөөний хаалга хагас онгойн, чихран дуугарчээ. Харанхуйд нүдээ дасгах гэж оролдож байхдаа цонх онгорхой байгааг мэдлээ.
- Халуун байна гээд хүү минь онгойлгосон байх гэж дотроо бодож байсан ч дайснууд маань үүгээр орж ирсэн байх гэхээс эмээж байв. Босч харахаар толгой дээрх гэрлээ асаав уу үгүй юү тэдний нэгэнтэй улаан нүүрээрээ халз тулгарлаа. Миний зүг шийдэмгий ойртон хурц үзүүртэй зэвсэгээ чиглүүлжээ. Түүнээс өмнө би:
- Тийм ч амархан өртөхгүй шүү гээд байдаг чадлаараа түүнийг цохилоо. Гайхалтай сайхан цохисон тул өөрөөрөө бахархаж байлаа. Учир нь тэр өчүүхэн төдий дуу гаргалгүйгээр хананд наалдан цусандаа хутгалдсан байлаа. Түүнийг хананаас хусан арилгаж байхдаа:
- Ямар сайхан хэрэг вэ? Энэ шумуулууд ухаантай байсан бол яах байсан болдоо? гэж бодлоо. Ээ дээ энэ хүмүүс хоорондоо л байлдахаа больчихвол, бусдыг нь ч … -
Эхийн тухай үлгэр Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.
Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.
Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.
Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.
Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.
-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.
… Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг …
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.
…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,
-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,
-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,
-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,
-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.
Monday, June 6, 2011
Сургамжит өгүүллэгүүд 2 номноос
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment